П.Орхон Монголын чөлөөтийн түүхэн дэх тав дахь дэлхийн аварга боллоо

П.Орхон Монголын чөлөөтийн түүхэн дэх тав дахь дэлхийн аварга боллоо

“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эхний өдөр Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга,  Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлууллаа.  Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялсан.  

Улмаар  “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор буулгаж авсан. Түүнтэй хийсэн барилдаан нэлээд хүн болсон. Гэхдээ манай бөх давуу байгаагаа харуулж, том бөхийг ялж чадсан юм. Тэгвэл   1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр ялсан.

Оноогоор хожиж яваад л цэвэр дарсан. Ерөөс энэ дэлхийн аваргад Негирийн бөхчүүд тун сайн байгаа. Обордуду ч гэсэн гайхалтай барилдаж, тавдугаар байрт шалгарсан. Манай бөхийн хувьд   хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр ялж, финалдсан юм. Колумбийн туршлагатай, алдарт бөхийг П.Орхон 13:0-ээр ялж, 63 кг-ын жинд дэлхийд шинэ “од” гарч ирж байгаа шүү гэдгээ улам ч тод томруун харууллаа.  

Харин   алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав. Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм.

Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан билээ. Дашрамд дурьдахад, П.Орхон энэ жил зургаан тэмцээнд оролцоод, бүгдэд нь түрүүллээ. Тэр дунд “Алтан гран при”, тэгээд дэлхийн аварга багтаж байна.

63 кг-ын жинд 2015 онд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг дэлхийн аваргад тасархай түрүүлж байсан. Бүр финалд Японы бөхийг цэвэр дарж байлаа. Тэгвэл П.Орхон энэ жил С.Батцэцгийг хоёр ч удаа ялсан. Тэгэхдээ бүр оноогоор цэвэр ялж, илт илүү гэдгээ нотолсон юм. Тэр энэ жинд дэлхийн аваргад оролцох эрхээ гуйж биш гуядаж авсан.

Тиймдээ ч монголчуудын итгэлийг алдалгүй, бүх өрсөлдөгчөө давуу ялж, дэлхийн аварга гэдэг эрх цолыг хүртэж чадлаа.  Эхний өдөр барилдсан манай бусад бүсгүйчүүдээс 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг найм, 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 12, 75 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан наймдугаар байр эзэллээ.

Эхний өдөр 55 кг-д алдарт Саори Ёшидагийн залгамжлагч гэгдээд буй Японы 18 настай охин Харүна Окүно, 58 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын алдарт бөх Хелен Марулис, 75 кг-д энэ жилийн Европын аварга Туркийн Ясемин Адар нар түрүүлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.