Хөлбөмбөгийн ДАШТ ирэх 2018 онд ОХУ-д болох билээ. Тэгвэл дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн 8 дугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө А хэсгийн гурван тоглолт болсон.
Хэсгийг тэргүүлж байгаа Францын шигшээ баг энэ тойрогт талбайдаа Люксембургийг хүлээж авч, гоолгүй тэнцлээ. Ингэснээр 17 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдсэн юм. Гэхдээ араасаа нэхэж буй багуудад боломж олголоо.
Хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байсан Шведийн шигшээ энэ тойрогт Беларусийн талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 16 оноотой болж, Францын ар шилэн дээр дарж ирж байгаа юм. Тэгвэл Беларусь 5 оноотой, сүүл мушгиж байна. Тоглолтын 18 дахь минутад Форсберг тооны харьцааг нээсэн бол Нюман 24, Берг 37, Гранквист 84 дэх минутад нэг нэгийг нэмжээ.
Дэлхийн аваргаас мултрах дээрээ тулчихаад байгаа Голландын шигшээ баг энэ тойрогт Болгарыг талбайдаа хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж, онолын хувьд хэсэг тэргүүлэх ч боломжтой болж байгаа юм. Харин Болгар 12 оноотой үлдлээ. Тэдэнд ч гэсэн боломж байгаа. Тоглолтын 7, 80 дахь минутад Проппер хоёрыг оруулсан бол Роббен 67 дахь минутад нэгийг нэмсэн байна. Харин зочдоос 69 дэх минутад Костадинов нэр төрийн ганц гоол оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.