Олимпийн медальтнаа угтан авлаа

Олимпийн медальтнаа угтан авлаа
 
 
Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон 31 дэх удаагийн олимпийн наадмын боксын 60 кг-д амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалай өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг гэр бүл, төрөл төрөгсөд хамт олон, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Боксын холбооныхон, ХХЕГ-ын удирдлагууд  нь бахдал хүндлэлийн илэрхийлэл болсон алд цэнхэр хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүгээ барин угтсан юм.
 
 Эх орондоо ирсэн анхны сэтгэгдлээ тэрбээр “Эх орондоо ирээд  маш их баяртай байна. Ойр дотны олон хүн тосч сэтгэл их хөдөлж байна. Олимпийн дэвжээнд анх удаа тулалдаад хүрэл медаль хүртлээ. Өмнө нь тоглож байсан тамирчидтай таарч, ялагдаж байсан тамирчнаа яллаа. Тэмцээн маань наймдугаар сарын 16-нд дууссан. Түүнээс хойш эх орондоо ирэхийг маш их хүлээлээ. Маш их яарлаа. Тоглож гарч ирээд ялагдсан мэдээг сонсоод хэцүү байсан.
 
Залуу байгаа учраас дараагийнхаа  тэмцээнд амжилт гаргахыг хүсч байна. Хожигдлыг тэр дор нь мартсан. Ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ базааж хичээх болно. Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо, Апу компани, бэлтгэл цуг хийдэг найзууд, дүү нар, үе үеийн мундаг багш нартаа маш их баярлалаа” гэсэн юм. 
 
Азийн наадам, ААШТ-ын алтан медальт, УАШТ-ний найман удаагийн аварга ОУХМ Д.Отгондалай Риогийн хатуу рингэнд тулалдаж, алтын дайтай хүрэл медаль авсан. Гэсэн ч “Монголчуудийнхаа итгэлийг дааж чадсангүй” хэмээн харамслын нулимс унагаж байсан түүнийг хэрхэн тулалдсаныг  бид ч, дэлхий ч харсан. 
 
 
Хадам эмээ Г.Сувдаа: Хүүгээ тоглохыг үзээд уйлсан
 
-Ач хүүгээ нэр хүндтэй том тэмцээнээс медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байгаад маш их баярлаж байна. Ээж нь аймагтаа эмнэлэгт хэвтэж байгаа учраас ээжийг нь орлож Дорнод аймгаас зорьж ирлээ. Хүүгээ тоглохыг хараад уйлаад сууж байсан. Хүүдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 
 
Эхнэр Г.Хулан: Ханиа ямар ч үед нь үргэлж дэмждэг
 
-Сэтгэгдэл  өндөр байна. Ханиараа маш их бахархаж байна. Олон жил шаргуу, хамаг хүчээ дайчлан хөдөлмөрлөсний үр дүнд оргилоос нь медаль авч чадлаа. Ханиа тосохоор охинтойгоо хамт ирлээ. Тамирчин хүний гэр бүл бүгдээрээ л  дэмждэг байх. Тэдний л нэгэн адил ханиа ямар ч үед нь үргэлж дэмждэг. Би гэлтгүй манай гэр бүл, хамаатан садан найз нөхөд, Монголын ард түмэн дэмжлээ. Тэмцээндээ оролцож байхад утсаар байнга ярьж аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээсэн. 
 
Д.Батсүрэн: Олимпийн медалийн буухиаг таслаагүйдээ баяртай байна 
 
/ Боксын ОУХМ, Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
 
-Д.Отгондалай бол хөдөлмөрч, хүчтэй дайчин тамирчин. Олимпийнхоо медалийн буухиаг таслаагүйдээ баяртай байна. 2013 онд Алматагийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд булхайтай шийдвэрээр Д.Отгондалайг ялагдуулж байсан.Булхайтай шүүснийг нь олимпийн дэвжээн дээр гэрчилж дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ харууллаа. Алжирийн боксчинтой тактикаа биелүүлж дайчин сайхан өрсөлдсөн. Мөн манай шүүгч Х.Хас-Эрдэнэ өөрийнхөө бүх чадлаар сайн ажиллалаа.  Бид хамтын хүчээр энэ амжилтыг авчирлаа.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.