“Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд зургуулаа буюу түүхэндээ анх удаа бүтэн багаараа оролцохоор болов.
Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррера, хагас шигшээд Беларусийн Вероника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпийн эрхээ халаасалсан.
Манай бөх олимпийн эрхтэй үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарж бөхөд хайртай ард түмнээ баярлууллаа, үнэхээр хэлэх ч үг алга. Эрдэнэтийн унаган охин Х.Болортуяагийн анхны багш ОУХМ Батсайханы Идэрсайхан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт халуун баяр хүргэе.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.