ГВИНЕЙ УЛС ОЛИМПИЙГ ӨНЖИХ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАВ

ГВИНЕЙ УЛС ОЛИМПИЙГ ӨНЖИХ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАВ

 Нээлт болохоос хэдхэн цагийн өмнө Гвиней улс олимпийг өнжих шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгдлээ. Тус улс өмнө нь коронавирусийн цар тахлаас болгоомжлох үүднээс эрх авсан таван тамирчнаа олимпод оролцуулахгүй гэж мэдэгдээд байв. “Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас баталгаа гаргасны дараа манай тамирчид зуны XXXII олимпийн наадамд оролцохоор болсонд баяртай байна” хэмээн Гвиней улсын Спортын сайд Б.Соу мэдэгджээ. Олимпийг өнжих эхний шийдвэр нь санхүүгийн асуудалтай холбоотой байсан бөгөөд тус улсын Засгийн газарт ойр эх сурвалж “Сангийн яам мөнгө гаргах боломжгүй гэсэн” хэмээн ярьсан байна. Гэхдээ Гвинейн Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нассоко Associated Press-т өгсөн ярилцлагадаа Токио руу аялах зардлын мөнгө бэлэн болсон хэмээжээ. Ингэснээр чөлөөт бөхийн Я.Камара, жүдоч М.Бах, усанд сэлэгч Ф.Туре, М.Бах, спринтер А.Конте нар эх орноо төлөөлөн олимпод оролцохоор болов. Гэхдээ эргэж буцсан энэхүү шийдвэр тамирчдыг багагүй бухимдуулжээ. Энэ талаар Я.Камара “Энэ олон тамирчныг нэг дор хүлээн авч буй Япон улс олимпийн наадмыг цуцлаагүй байхад Гвиней улс яагаад коронавирусийн шалтгаанаар олимпод оролцохгүй гэж шийдсэн юм бэ гэдэгт маш их гайхаж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бухимдлаа илэрхийлсэн байна. Гвиней улс “Мехико-1968”-аас эхлэн 11 удаагийн олимпийн наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй. Тэд 2016 оны Риогийн олимпод мөн таван тамирчинтай оролцож байв. Гвиней шийдвэрээ өөрчилснөөр коронавирусийн улмаас олимпод оролцохоос татгалзсан ганц улс нь БНАСАУ хэвээр үлдэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.