Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулахаар ажлаа эхлүүлээд байгаа.

 

Шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллаж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа хийж байна.

 

“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин, “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал нь зай талбайн стандартын шаардлага хангаагүйгээс зарим өнцгөөс үзвэр үзэх нөхцөл хязгаарлагдмал, шат нь ижил тэгш бус өндөр, нам байна. Ариун цэврийн байгууламж дутмаг зэрэг шалтгаанаас үүдэн Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай. Тус хүрээлэнг жил бүр засдгийг албаныхан хэлсэн. Гэвч урьдчилсан дүгнэлтээр засвар хийсээр эцсийн шатандаа хүрчээ. Ийм суурин дээр олон давтамжтай засвар хийж, хөрөнгө зарцуулж байснаас энэ талбайд шинэ хүрээлэн байгуулах цаг болсон байна” гэв.

 

Тэрбээр дэлхий дахинаа орчин үеийн стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэн, аренаг хотоос зайдуу биш хотын төвд байгуулах жишиг тогтож байгаа. Учир нь дэд бүтцээ хэдийн шийдсэн байдаг. Иргэд үзвэр үйлчилгээг үзэхдээ хол явах шаардлагагүй, цаг хугацаа, мөнгөө хэмнэх боломжтойгоороо давуу талтай. Харин стандартын хувьд орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгийн орц, гарцын хөдөлгөөн хоёр тийш салсан урсгалаар зохицуулагдаж, стандартын дагуу эгнээ, суудлаа эзэлдэг, аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Тодруулбал, төв том хаалганыхаа хажуу талаар нарийн гол хаалганууд байршуулан хүний тоог хянах боломжтой. Мөн үзэгчдийн суудлын хэсгийг зай талбай ихтэй, тав тухтай байхаар шийддэг. Энэ нь гэнэтийн осол аваар, гал гарах зэрэг болзошгүй эрсдэл гарсан үед хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлнэ хэмээжээ.

 

Нийслэлийн шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийхээр ирээд байгаа. “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатайг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ