The Mongolz баг нь S-Tier түвшний тэмцээнд анх удаа түрүүллээ

 The Mongolz баг нь S-Tier түвшний тэмцээнд анх удаа түрүүллээ

400 мянган ам.долларын шагналын сантай Counter-Strike 2-ын "YaLLa Compass 2024" тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод өнгөрсөн шөнө өндөрлөлөө.

Тэмцээнд урилгаар оролцож буй Монголын "The MongolZ" аваргын төлөө шалгарч үлдээд байсан бөгөөд тэдний өрсөлдөгч нь Шведын "Ninjas in Pyjamas" баг байсан юм. Тус тэмцээнд 2-1 (Ancient 12-16, Mirage 13-7, Nuke 13-6) харьцаагаар "The MongolZ" хожиж түрүүлснээр шагналын 200 мянган ам.долларыг авав. Тэмцээний шилдэг тоглогчоор "910" буюу Банзрагчийн Өсөхбаяр тодров.

Мөн The Mongolz баг нь S-Tier түвшний тэмцээнд ийнхүү анх удаа түрүүлжээ.

"YaLLa Compass 2024" тэмцээний 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд хэсэг бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарсан. The Mongolz нь хэсгийн шатанд "Sashi Esport", "ENCE", "Ninjas in Pyjamas", "HEROIC" багуудыг хожиж Astralis-д Inferno-д 13-8 харьцаагаар хожигдсоноор 4-1 амжилттай хэсгээ тэргүүлсэн. Улмаар шууд шилдэг дөрвөн багт шалгарч хагас шигшээ шатанд дэлхийн аварга, Данийн "Astralis" багтай тоглож 2-1 (Nuke 13-7, Mirage 6-13, Ancient 22-19) харьцаагаар хожсон билээ.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч maaRaa /Б.Эрдэнэдалай/, багийн ахлагч bLitz /Б.Гарьдмагнай/, Techno4K /М.Содбаяр/, AWP-er 910 /Б.Өсөхбаяр/, mzinho /Б.Аюуш/, Senzu /М.Азбаяр/ нар тоглож байгаа билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ