240 мянган ам.долларын шагналын сантай Олон улсын электрон спортын холбоо буюу IESF-ээс зохиодог Counter Strike 2-ын шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод өнөөдөр эхлэж байгаа бөгөөд Монголын шигшээ багийг төлөөлж "The Huns Esports" багийн тоглогчид оролцоно.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тэмцээнд 24 улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр баг playoffs-т шалгарна.
Гантулгын "nin9" Есөнтөмөр ахлагчтай Монголын шигшээ баг "D" хэсэгт Чех, Словак, Серби, Аргентин, Өмнөд Африкийн шигшээ багтай таарсан бөгөөд эхний тоглолтоо 13-ны 23:00 цагаас Словакийн шигшээ багтай хийнэ.
Монголын шигшээ баг 2023 оны тэмцээнд хэсгийн шатнаас гарч чадалгүй хасагдаж байсан билээ.
Шанхайн мажор тэмцээний урьдчилсан шаттай зэрэг болж буй тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгчид ирээгүй ч "ALTERNATE aTTaX", "Metizport", "Eternal Fire", "JiJieHao", "Mindfreak" зэрэг багийн тоглогчид оролцож байна.
Манай багт дасгалжуулагч ncl, тоглогч Гантулгын Есөнтөмөр /nin9/, Батболдын Баатархүү /Bart4k/, Ууганбаярын Анарбилэг /cobrazera/, Энхбатын Мөнхтогтох /xerolte/ Шижирбаатарын Зол-Эрдэнэ /wndrz/ нар тоглоно.