Электрон тоглоомын Counter strike-2 тоглоомын хамгийн том тэмцээн болох "Perfect World Shanghai Major 2024" тэмцээн өчигдөр эхэллээ. 1,250,000 ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын "The MongolZ", монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" багууд эхний хоёр тоглолтуудаа хийлээ.
The MongolZ эхний тоглолтоо Хятадын Rare Atom багтай хийж 13-2 /Anubis/ харьцаагаар дараагийн тоглолтоо Бразилийн MIBR багтай хийж 13-6 /Ancient/ харьцаагаар тус тус хожлоо. Тэд өнөөдөр 16:00 цагаас Европын төлөөлөл "GamerLegion" багтай тоглоно.
Гантулгын Эрдэнэцогт /erkaSt/ дасгалжуулагчтай "FlyQuest" баг эхний тоглолтоо Америк тивийн тэргүүн багуудын нэг "Complexity Gaming" 13-6 /Anubis/ харьцаагаар хожиж, дараагийн Германы "BIG" багийг 13-5 /Nuke/ харьцаагаар хожиж, улмаар өнөөдөр Америк тивийн төлөөлөл "Team Liquid"-тэй тоглоно.
Дэлхийн шилдэг 24 баг гурван шат дамжин тоглох энэхүү электрон спортын оргил тэмцээний эхний буюу "Opening Stage" шатны тоглолтууд швейцар системээр болж байна. Хамгийн түрүүлж 3 хожсон найман баг хоёр дахь буюу "Elimination Stage" шатанд шалгарна, харин гурав хожигдсон багууд нутаг буцна.
Elimination Stage шатанд тоглох эхний хоёр баг өнөөдөр тодрох бол Шанхайг орхиж гэртээ харих эхний хоёр багийн нэр мөн өнөөдөр зарлагдана.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.