Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45 сая төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй аж. Тиймээс тус хөрөнгийг нь улсын орлого болгожээ.
Тодруулбал нийтийн албан тушаалтан А Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч байна.
Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс уг асуудлыг хянан үзэж, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45,000,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх үүсвэрийг нь үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд “Unexplained wealth order” гэж нэрлэгддэг бөгөөд нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс орнуудад ихэвчлэн хэрэгжүүлдэг байна.