Дэлхийн аваргын Европын бүсийн урьдчилсан шатны Н хэсгийн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт ганц хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж явсан Бельгийн шигшээ баг талбайдаа Эстоныг хүлээж авч, 8:1-ээр бутниргэснээр 12 оноотой болж, тэргүүллээ баталгаажууллаа.
Тоглолтын 8 дахь минутад Менье тооны харьцааг нээсэн бол 16, 67 дахь минутад Мертенс хоёрыг оруулжээ. Харин 25 дахь минутад Азар жижүүрийн нэг гоол оруулж, 62 дахь минутад Феррейра Карраско нэгийг нэмжээ. Мөн зочин багийн хамгаалагч Клаван 64 дэх минутад авто гоол оруулж, Бельгид тус хүргэсэн. Тэгвэл 83, 88 дахь минутад Лукаку хоёрыг хийж, Бельги жинхэнэ утгаар нь бутниргэлээ. Харин зочин багаас 29 дэх минутад Аньер нэр төрийн ганц гоол оруулсан юм.
Энэ хэсэгт тун ч амжилттай тоглож байгаа Грекийн шигшээ баг дөрөвдүгээр тойрогт талбайдаа Боснийн багийг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 10 оноотой болж, Бельгийн араас шил дарж байгаа юм. Тоглолтын 32 дахь минутад Пьянич тооны харьцааг нээсэн бол 90 дэх минутад Цавелас багаа хожигдлоос аварчээ.
Н хэсэгт ганц ч хожилгүй байсан Кипр болон Гибралтарын шигшээ дөрөвдүгээр тойрогт хоорондоо учраа таарч, талбайн эзэд өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр анхны 3 оноогоо авсан юм. Тоглолтын 28 дахь минутад Лайфис тооны харьцааг нээж, Сотериу 65, Сьелис 87 дахь минутад тус бүр нэгийг нэмжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.