Японд спортын бүхий л төрлийн шилдэг тамирчид бий. Гэхдээ монголчуудад жүдо, чөлөөт бөхийн тамирчид нь илүүтэй танигдсан байдаг гэвэл хэтийдсэн болохгүй. Саяхан Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээн болсон бөгөөд энэ тэмцээний өмнөхөн Риогийн олимпийн хүрэл медальт Кондо Ами хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр Риогийн олимпийн тэмцээний талаар болоод ирээдүйн зорилгынхоо тухай сонирхолтой ярилцлага өрнүүлснийг энэ удаа орчуулан хүргэж байна. Японы эмэгтэй жүдочдын хувьд нэлээд рейтинг өндөртэйд тооцогдох тамирчин Кондо Амигийн тухайд 21 настай. Оролцсон тэмцээн бүрээсээ алт шүүрдэг тамирчин бүсгүй Риогийн зуны олимпоос хүрэл медаль хүртсэн удаатай билээ.
-Риогийн олимп таны хувьд анхны олимп байсан. Тэмцээнийг эргэн дурсвал ямар вэ?
-Сандрал байгаагүй. Татамид гарахдаа би зүгээр л барилддагаараа л барилдана гэж боддог. Гэтэл тэр үед алтан медаль авахыг маш их хүссэн. Олимп түүгээрээ л өөр.
-Кондо Ами тэмцээний дэвжээн дээр ихэнхдээ л инээмсэглэж харагддаг. Харин олимпийн үеэр бараг инээмсэглээгүй байх шүү?
-Бусад тэмцээний үеэр ч гэсэн мэдээж ялагдая гэж хэн бодох билээ. Гэхдээ олимпод эелдэг зан гаргавал ялагдана. Анхны олимп байсан учраас юу ч үгүй хоцрохыг хүсээгүй.
-Медалийн төлөөх барилдааны талаар яриач?
-Манайх багаараа ялж байсан учраас би түрүүлж мэх хийх бодолтой байлаа. Гэтэл өрсөлдөгч маань үүнийг мэдчихсэн. Дараа нь ч гэсэн намайг мэх хийх оролдлого хийх бүрт мэдчихээд зайлаад байсан юм. Харин яг ялах тэр мөчийг ялах, ялагдах эргэлтийн цэг байсан гэж одоо боддог.
-Өрсөлдөгчөө нэлээд ядрааж байж эцэст нь ялсан байх аа?
-Цөхөрсөн, ядарсан хүн нь өрсөлдөгч гэхээсээ илүүтэйгээр би өөрөө байсан. Завсарлага авч болохгүй л байх даа гэх бодол төрж байсан шүү. Ялагдаж уйлаад, тэр байдлаасаа гарч чадаагүй байхдаа хүрлийн төлөөх барилдаанд орсон. М.Уранцэцэгтэй таарч барилдах тэр үед миний нүдний өнгө өөр болчихсон байсан байх. Би энд заавал ялах ёстой гэж л бодож байлаа.
-Тэмцээний дараа ч гэсэн харамссаар байсан уу?
-Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялаад баярласан. Гэхдээ хөгжөөн дэмжигчид рүү харах үедээ гэр бүл, багш нараа баярлаж байгааг хараад “Гуравдугаар байрт орчихлоо” гэж бодсон. Үнэндээ алтан медаль авахыг л хүсч байсан.
-Риогийн олимпийн дараа янз бүрийн нэвтрүүлэг, парадад оролцож харагдсан. Тэмцээний талаар дахиж бодох үе байсан л биз дээ?
-Юуны өмнө медаль авсан тамирчин, медаль аваагүй тамирчныг нийгэм ялгаатай хүлээж авдаг. Хэдийгээр би медаль авсан ч гэлээ, хүрэл медаль бол хамгийн доод медаль учраас медальтнууд дундаа хамгийн доогуур байрыг эзэлж байлаа. Надад янз бүрийн л бодол төрж байсан. Медаль бол медаль, авч чадсан нь л яамай гэж бодох ч үе байлаа. Яах вэ, ялагдал бол ялагдал шүү дээ.
-Медалиа одоо хаана хадгалж байгаа вэ?
-Байрныхаа ширээн дээр хадгалж байгаа.
-Ханандаа өлгөөгүй хэрэг үү?
-Байрныхаа хананд өлгөчихье гэж бодсон л доо. Медалиа янз бүрийн газар руу авч явж хүмүүст харуулсаар байгаад урд тал нь халцарчихсан юм. Хүрэл медаль алтыг бодвол халцарсан нь илт мэдэгддэг. Тийм болохоор хүнд харуулахаас санаа зовоод одоо ширээн дээрээ тавьчихсан байгаа.
-Дөрвөн жилийн дараа болох Токиогийн олимпод тавьсан зорилго тань юу вэ?
-Одоогоор ДАШТ-үүдээс алтан медаль авах зорилго тавьж байгаа. Дөрвөн жил гэдэг урт хугацаа шүү дээ. Хоёр жилийн дараагаас эхлээд олимпод бэлтгэнэ. Тиймээс одоогоор Токиогийн олимпийн талаар төлөвлөсөн зүйл алга.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.