Олимп, дэлхийн хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир зодог тайллаа

Олимп, дэлхийн хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир зодог тайллаа

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эдүгээ хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Тэгвэл дөнгөж саяхан УАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Түүний дараа МУГТ, “Лондон-2012” Олимпийн наадмын хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальт С.Ням-Очирын зодог тайлах ёслол боллоо.

Ёслолын өмнө түүний барилдааны үүх түүхийг харуулсан богино хэмжээний бичлэг Спортын төв ордонд байрлуулсан том дэлгэцээр гарсан юм. Дараа нь С.Ням-Очир жүдо бөхийн татамидаа хүндэтгэл үзүүлсэн юм.  Зодог тайлах ёслолын үеэр түүний хүү Н.Энгүүн аавдаа хүндэтгэл үзүүлж, цэцэг барьсан юм. Улмаар Монголын жүдо бөхийн шүүгчид, дасгалжуулагчид, тамирчид түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Түүний дараа Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням үг хэлсэн. Тэрбээр “Өнөөдөр С.Ням-Очир маань зодог тайлж байна. Бид шавиараа үргэлж бахархаж явдаг. Монголд Олимп, дэлхийн медальтай тамирчин ердөө гуравхан байдаг. Түүний нэг нь С.Ням-Очир. Тэрбээр залуучууддаа боломж олгож, Олимп, дэлхийн аваргад явуулж байсан ухаалаг тамирчин. Энд түүний ар гэр болсон халамжит хань П.Лхамдэгдийг дурьдахгүй байхын аргагүй. Ингээд шавьдаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье” хэмээн хэлж, алд цэнхэр хадаг өргөн барилаа.

Түүний дараа дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цууриатуулсан тамирчин хүүдээ аав Г.Сайнжаргал  нь баяр хүргэж, үг хэлэн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягын хамтаар барилаа. Тэрбээр “Миний хүү 13 наснаасаа жүдогийн дэвжээнд гарч, 18 жил барилдаад зодог тайлж байна. Энэ хугацаанд миний хүүг амжилтад хүрэхэд тусалсан багш дасгалжуулагчид, ивээн тэтгэж байсан бүх хүнд баярлалаа. Миний хүүгийн амжилтыг үргэлжлүүлэх шилдэг жүдочид олон байгаа гэж бодож байна. Хүүгийн цаашдын амьдрал сайн сайхан бүхнээр дүүрэн байх болтугай” хэмээн хэлсэн юм.

Аав, ах дүү нар нь түүнд хүндэтгэл үзүүлж, үг хэлсний дараа шигшээ багийн тамирчидтай хамт дурсгалын зургаа татуулсан юм. Ийнхүү Монголын жүдо бөхийн түүхэнд төрөн гарсан нэгэн шилдэг тамирчин зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжлээ. 

Тэрбээр 1998 оноос Увс аймгийн Тэс сумын  Ю.Баттогтох багшин удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж, 2006 оноо шигшээ багийн тамирчин болсон.  Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2006, 2009, 2010 оны алтан медаль авч байсан. Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальтай. Жүдо бөхийн “Их дуулга”, Гран-при ангиллын тэмцээнээс маш олон медаль хүртсэн шилдэг тамирчин билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.