М.Зоригт: Энэ цагийн монголчуудын ахуй амьдралыг түүхийн хуудаснаа мөнхөлнө

М.Зоригт: Энэ цагийн монголчуудын ахуй амьдралыг түүхийн хуудаснаа мөнхөлнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Мөнхчулуун сангаас санаачлан хэрэгжүүлж буй ''Бидний цөөхөн монголчууд'' төсөл Налайх хотоос эхэллээ. Төслийн нээлтэд УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, шатрын ОУХМ н.Энхтуул, төслийн багийнхан болон тус дүүргийн иргэд оролцсон юм. Энэхүү төслийг Нэпко, МҮОНРТ, УБФилм, УБинфо, АЖЭТзэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа аж. Төслийн багийнхан Монгол орны бүх аймаг сумдаар аялах бөгөөд очсон газар бүртээ "Шүүдэр дундуур" уран сайхны киног үнэ төлбөргүй гаргах юм байна. Нээлтийн үеэр төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригттой цөөн хором ярилцлаа. 
 
-“Бидний цөөхөн монголчууд” төсөл хэрэгжүүлэх санааг хэрхэн олж байв. Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон юм бэ? 
-Та бүхэн санаж байгаа бол би Өмнөд Солонгос улсыг хөндлөн гулд тойрон унадаг дугуйгаар аялсан. Тэр аяллын үеэр би нэг зүйлийг бодсон. Өмнөд Солонгос улсын газар нутаг Хөвсгөл аймгийн газар нутгаас томгүй юм билээ. Гэтэл Хөвсгөл аймгийн газар нутагтай дүйцэхүйц газарт 11 сая гаруй хүн амьдарч байна. Эндээс бидний монголчууд үнэхээр цөөхөн юм байна гэдгийг мэдэрсэн. Бид гуравхан саяулаа. Тиймээс залуу үедээ нутаг орныхоо түүх, соёл, өв уламжлалыг хадгалан үлдээе гэж бодож энэхүү төслийг санаачилсан. Бид Монгол орноо нэг сум суурин үлдээлгүйгээр XXI дүгээр зууны үеийн монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль хоорондох шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил, биет болон биет бус соёлын өв, угсаатан ястны тус бүрийн онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологийг ашиглан баримтжуулж, мэргэжлийн өндөр төвшинд цогц архив бий болгож хойч үедээ үлдээх л энэ төслийн гол зорилго. Энд л манай төслийн гол зорилго оршиж байгаа юм. 
 
-Монгол орныг бүтэн тойрно гэхээр нэлээд хугацаа орно шүү дээ. Аяллаа хэрхэн төлөвлөсөн бэ. Төслийн үр дүнд бүтээлүүд гарна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 
-“Бидний цөөхөн монголчууд” төсөл амжилттай хэрэгжсэнээр XXI дүгээр зууны үеийн монголчуудын тухай сан хөмрөгтэй болохын сацуу улс орноороо бахархдаг, нутаг усаа хайрладаг, эв нэгдлийг эрхэмлэдэг Монгол Улсын иргэний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Манай төслийн баг 12 хүний бүрэлдэхүүнтэй. Бид гурван автомашинтайгаар 21 аймаг, 400 гаруй сум суурин бүрчлэн очно. Ингэхдээ нийт 245 мянган км замыг гурван жилийн хугацаанд туулна. Мэдээж бид аялахын зэрэгцээ XXI дүгээр зууны монголчуудын ахуй амьдралыг баримтжуулж хойч үедээ үлдээх зорилготой учраас тодорхой хэмжээний бүтээл хийнэ. Тухайлбал, бүрэн хэмжээний кино, 10 баримтат кино, 20 ном товхимол, аян замын тэмдэглэл зэрэг бүтээлийг хийхээр төлөвлөсөн. Мөн МҮОНТВ-тэй хамтран 400 гаруй цуврал нэвтрүүлгийг хүргэх зэргээс бүрдсэн дуу авианы цогц архивыг үүсгэж, хойч үедээ үлдээнэ. Ер нь төслийн гол ач холбогдол, үр дүн нь зөвхөн Монгол гэлтгүй дэлхийд гайхагдсан соёлын үнэт өв болно гэдэгт бид итгэлтэй байна. 
 
-Налайх хотоос энэхүү төслөө эхлүүлсэн нь сонирхол татаж байна? 
-Налайх хот бол нийслэлийн маань наран ургах зүг. Тиймээс наран ургах зүгээс аяллаа эхлүүлье гэж бодсон. Мөн би Налайх хотод төрсөн, унаган хүүхэд нь. Миний аав, ээж ажил амьдралын гараагаа энэ хотоос эхлүүлж байсан учраас бэлгэшээж, төрсөн нутгаасаа төслөө эхлүүлж байгаа юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.