Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны эхний хацү башёд озэки Кисэносато 14 даваа, нэг унаатай түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Тэрбээр Макүүчи буюу дээд зиндаанд 13 жил барилдахдаа ганцхан удаа л башёг өнжиж, ямагт Их аваргууд болон озэки цолтнуудад хамгийн халгаатай сүмоч байж ирсэн гэдгээрээ байнга сүмо сонирхогчдын анхааарлын төвд орж байдаг бөх билээ.
Кисэносато 31 башё Озэки цолтой барилдсан амжилтаараа хамгийн урт хугацааны дараа түрүү бөх болж байгаа бөгөөд 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг итгэл төгс давж анхны түрүүгээ авлаа. Ингэснээр 1998 онд Ваканоханагаас хойш бүхэн бүтэн 19 жилийн дараа анх удаа Япон бөх ёкозүна цол хүртэх нь нэгэнт тодорхой болов.
Сүмогийн холбоо энэ сарын 25-ний түр зөвлөлийн хуралдаанаар Кисэносатод их аварга цол хүртээх гэнэ. Мэргэжлийн сүмогийн 72 дахь их аварга 19 жилийн дараа Японоос төрж буй нь энэ. Барилдааны дараа сэтгүүлчид түүнээс сэтгэгдлийг нь сонсох үед Кисэносато баярын нулимсаа барьж дийлэлгүй урсгаж, үүнийгээ “Анх удаа болохоор сэтгэл хөдлөөд” хэмээн ичингүйрэн хариулсан байна. Түүнчлэн, “Хэлэх үг ч олдохгүй байна. Барилдаан хэцүү байсан, гэсэн ч тэсч чадлаа” гэжээ.
Түүний барилдааныг үзэгчдийн суудлаас гэр бүлийнхэн нь үзэж байжээ. Харин тэрбээр “Би ганцаараа яагаад ч ийм амжилтад хүрч чадахгүй байсан. Та бүхний дэмжлэг байсан шүү. Дутагдал сул тал одоо ч надад бий. Цааш цаашдаа илүү хүчтэй барилдааныг үзүүлэх болно. Энэ зөвхөн эхлэл нь” хэмээн нийт дэмжигчиддээ амлажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.