Үнсгэлжингийн үлгэр буюу Жейми Варди

Үнсгэлжингийн үлгэр буюу Жейми Варди

Хүмүүс, тэр дундаа хүүхдүүдийн хэзээ ч уйддаггүй Диснейн шидэт үлгэрийн нэг нь “Үнсгэлжин”.  Эхээсээ өнчирч, хойд эх, түүний хоёр охины хамт амьдардаг сайхан сэтгэлт ажилч хичээнгүй охин  ханхүүгийн үдэшлэгт очсоноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөж буй тухай түүх өгүүлэгддэг. Тэгвэл хөлбөмбөгийн дэлхийн од Жейми Вардигийн амьдрал ч түүнтэй төстэй.

Зургаан жилийн өмнө Жейми Варди 2500 үзэгчийн суудалтай  цэнгэлдэх хүрээлэнд лигийн бус Флитвуд таун багт тоглож байлаа. Харин  одоо Английн прьемер лигт түрүүлсэн “Лестер сити” клубт харьяалагдаж, Их Британийн спортын түүхэнд гайхамшиг бүтээж явна. Түүнийг одоогоос зургаан жилийн өмнө хэн ч, шилдэг хөлбөмбөгчин болно гэж төсөөлөөгүй явсан биз. Тэрбээр Лестер сити багтай жилийн дөрвөн сая еврогийн гэрээ байгуулсан билээ.

Гэхдээ Жейми Вардигийн өнгөрсөн амьдрал одоогийнхоос нь тэс өөр байлаа. Хар бор амьдрал дунд өсч, өндийсөн жирийн нэгэн хүүг хамгийн шилдэг хөлбөмбөгчин болно гэдэгт хэн ч, бүр төрсөн эцэг нь ч итгээгүй гэдэг.

Тэрбээр 1987 оны нэгдүгээр сарын 11-нд Английн Шеффилд хотод мужааны гэр бүлд төржээ. Түүний эцэг Ричард Гил гэр ахуйн тавилгын мужаанаар ажилладаг байсан бол ээж нь сургуулиа хараахан төгсч амжаагүй оюутан байв.  Амьдрал нь ч тааруу. Гадна үзэмж гэж авах юмгүй болсон нийтийн байрны давчуухан өрөөнд Ричард Гилийнх амьдарч байсан гэдэг.

Гэхдээ тавилгын мужаан, оюутан бүсгүйн босгосон амьдрал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Төрсөн эцэг нь өөр эмэгтэйтэй сүүлэрч, гэр бүлээ орхин явах үед гэр бүлээ авч явах үүрэг хариуцлага гагцхүү Вардигийн нуруун дээр бууж, удалгүй ээж нь ч өөр эртэй гэрлэжээ. Тэр нь Филипп Варди байсан хэрэг.

Варди багаасаа л хөлбөмбөг сонирхдог, шилдэг тамирчин болохыг мөрөөддөг байжээ. Хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх тусам биелүүлж чаддаг гэх үг бий. Түүнтэй адил Жейми Вардигийн хүсэл мөрөөдөл 16 наснаас нь эхлэн биелж эхэлжээ. Шеффилд хотын “Шеффилд Веднесдэй” клуб түүнийг багтаа авах санал тавьсан нь өнөөдрийн оргилын эхлэл байв. Тухайн үед 16 настай хүү багийнхаа хамгийн туранхай, хамгийн намхан нь байжээ. Тэр ч үүднээс түүнийг клубынхан нь бяцхан Жейми гэж хочилдог байсан гэнэ. Мөн амьдралаа залгуулахын тулд тэрбээр карбон файверын үйлдвэрт ажилладаг байжээ.

Жейми Варди үйлдвэрийн ажилтан байснаа нэг ярилцлагадаа “Манай үйлдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөлний чигийг үйлдвэрлэдэг байсан юм. Бид маш олон удаа халуун уурын зуух руу орж гардаг байлаа. Бараг нэг өдөрт хэдэн зуун удаа.  Ингэж байхдаа  нуруугаа гэмтээж байсан ч удаа бий” хэмээн дурсчээ.  Тэнд өдөртөө 12 цаг ажилладаг байсан гэдэг.  Өсвөр насны хүү гэхэд хэчнээн хүнд хүчир ажил хийж байсан нь үүнээс л ойлгогдох биз.  Ингэж цаг наргүй ажиллахдаа түүнд санал тавихын хүссэн мянга мянган дуудлагыг сонсоогүй орхисон байж ч болох. Гэхдээ түүнд хоёр дахь боломж гарч ирсэн нь  “Stockbridge park steels” баг байв.  Тус клуб түүнд долоо хоногийн 30 еврогийн цалин амлаж байжээ.

2007 онд пабын гадна хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа өмөөрөн гар зөрүүлснийхээ төлөө танхайн хэргээр саатуулагдаж, зургаан сар 18 цаг хүртэлх хугацаанд гэрийн хорионд орж байв. Энэ нь ч хөлбөмбөгийн тамирчин болох замналд нь нөлөөлсөн байж болох.

Гэхдээ тухайн үе их сонин. Хөлбөмбөгт угийн сонирхолтой залуу хүү тус клубт харьяалагдаж байхдаа цэргийн алба хаахаар сэтгэл шулуудаж байжээ. Бүр Шеффилд хотын цэргийн комисст хүртэл өөрийн биеэр очин шалгуулж байсан хэдий ч, хуучны намтар нь түүнд саад болсны улмаас тэнцээгүй гэнэ. Тус багт хэсэг хугацаанд байсныхаа дараа “Ротерхам Юнайтед” багтай богино хугацааны гэрээ байгуулах талаар ярилцаж байсан ч биелээгүй гэнэ.  

2010 оны зургадугаар сард түүний авьяасыг удаан хугацаанд ажигласан  “Халифакс таун” багийн менежер Ньел Аспин хамтран ажиллахаар тохиролцжээ. 2010 оны наймдугаар сарын 21-нд шинэ баг, шинэ хамт олонтой Варди анхны тоглолтоо Букстоны эсрэг хийж, хожлын гоолыг оруулснаар түүний баг 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Ингээд үндсэндээ 2010-2011 оны улирлын дөрвөн тоглолтод гурван гоол оруулсан байх юм.  Гэхдээ тэр Халифаксийнхантай ердөө жил орчим л хамт тоглосон юм. Харин 2012 оноос “Флитвуд таунд” харьяалагдах болжээ. Флитвудад ирсэн эхний улирлын тоглолтод тэрбээр 31 гоол оруулж, “Лестер сити”-гийн анхаарлыг татсан хэрэг.

Ингэж л тэрний алдрын замнал эхэлсэн билээ. Жирийн нэгэн нийтийн байрны давчуухан өрөөнд өсч,  хүүхэд байхаасаа хүнд хүчир ажилд нухлагдан өссөн “Үнсгэлжин”-г хэн ч “Хааны хатан” болно гэж төсөөлөөгүй гэдэг. Төрсөн эцэг Ричард Гил нь хүртэл, бага байхад нь орхиод явсан хүүгээ мэргэжлийн хөлбөмбөгийн шилдэг тамирчин болчихно гэж төсөөлөөгүй тухайгаа 2015 онд “Mail on Sunday” сонинд ярьж байжээ.  Жейми Варди эдүгээ “Лестер” клубын шилдэг тамирчин төдийгүй  жилийн дөрвөн сая еврогийн цалинтай билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.