Өнөөдөр Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Одбаяр тэргүүтэй 11 бөх барилдана

Өнөөдөр Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Одбаяр тэргүүтэй 11 бөх барилдана

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хонгконг улсад эхэлж байгаа билээ. Энэ удаагийн Азийн аваргад дэлхийн 29 орны эрэгтэй 140, эмэгтэй 104, нийт 244 бөх барилдахаар албан ёсны мэдүүлгээ өгчээ. Харин манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 бөх барилдахаар эцсийн мэдүүлгээ өгсөн юм байна.

Тэгвэл өнөөдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болно. Дөнгөж саяхан хэсгийн барилдаанууд эхлээд байна.  Манайхаас эдгээр жинд нийтдээ 11 бөх барилдах юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ж.Амарболд барилдах бөгөөд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлжээ. Харин хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөх Кумартай барилдахаар болоод байна.

Харин 66 кг-д Г.Хэрлэн зодоглож байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар шатанд Киргизстаны Те Артуртай барилдана. 73 кг-д Г.Одбаяр, Б.Батгэрэл нар барилдана. Г.Одбаярын хувьд А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Ли Фин Маотай барилдахаар учраа таарлаа. Б.Батгэрэлийн хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт  Тажик болон Тайландын бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.

Эмэгтэйчүүдийн хувьд 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг зодоглож, эхний тойрогтоо Хятадын бөх Ван Жу Яаотай барилдана. Тэрбээр хагас шигшээд Солонгосын Жон Бу Кёнтай таарах магадлал өндөр байна. Харин нөгөө талд хагас шигшээд Г.Отгонцэцэг болон Японы Тонаки Фуна нар тулах боломжтой юм.

52 кг-д Л.Сосорбарам, Ч.Аззаяа нар зодоглож байгаа. Л.Сосорбарамын хувьд эхний тойрогтоо Хятадын бөх Ван Шинтэй учраа таарлаа. Харин Ч.Аззаяа эзэн орны бөх Лау Аннитай барилдахаар оноолт таараад байна.

57 кг-д Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагаас гадна дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа барилдахаар болоод байна. Д.Сумъяагийн хувьд А хэсгийн тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Непал болон Хонгконгийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. М.Бундмаа эхний тойрогтоо Флиппиний Дава Хелентэй оноолт таарлаа. Ялбал хоёрдугаар тойрогт Японы бөх Ёшида Цукасатай барилдана.

63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар зодоглож байна. Б.Ганхайч В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар шатанд эзэн орны бөх Юү Вик Лам Никкитэй учраа таараад байна. Б.Мөнгөнчимэгийн хувьд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар шатанд Тайванийн Чен Юүн-Тингтэй учраа таараад байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.