Аваад, буцааж өгсөн ОЛИМПИЙН ЭРХ

Аваад, буцааж өгсөн ОЛИМПИЙН ЭРХ
АВААД, БУЦААЖ ӨГСӨН ОЛИМПИЙН ЭРХ
 
2003 оноос эхлэн MCS GROUP, MCS COCA COLA компанийн дэмжлэгтэйгээр, МҮСБХолбоо хамтран спрайт3х3 сагсан бөмөгийн тэмцээнийг орон даяар жил бүр зохион байгуулж ирсэн. Тухайн үеэс жил бүр зохион байгуулагдаж ирсэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн нэг л өдөр олимпийн спорт төрөл болсон. Удалгүй 2018 оны зунаас эхлээд ЭНЕРЖИ 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн клуб хөгжлийн төлөө хамтдаа уриатай ЭНЕРЖИ РЕСУРС компанийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж 3х3 сагсан бөмбөгийн хөгжил өндөр хурдтай урагшилж эхлэх үндэс болсон. Миний дээр дурьдсан компаниуд 3х3 сагсан бөмбөгийн хөгжилд өндөр ач холбогдол үзүүлж байгааг бахархалтай хэлье.
 
3х3 сагсан бөмбөг олимпийн албан ёсны төрөл болсон 2018 оны намраас эхлээд манай холбоо болон ивээн тэтгэгчид, дасгалжуулагч, тамирчид хамтдаа биелэгдэхгүй мэт, гэхдээ яг хажууд байгаа тэр мөрөөдлийг биелүүлэх аян замдаа гарсан юм. Гэхдээ бид хий хоосон уриа лоозон тавьж ажиллаагүй бөгөөд төдийгөөс өдийг хүртэл зорилт зорилгынхоо биелүүлэх бодит төлөвлөгөөний дагуу ажилласаар байна.
 
Ингээд бид олимпийн наадмын эрх авах аян замдаа гарлаа...
 
ХҮНД ЦОХИЛТ:
 
2019 оны 5 сарын 21-ний өдөр азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 3 хоног үлдээд байх тэр үед Г.Г.ЦЭНГҮҮНБАЯР хөлөндөө маш хүнд бэртэл авав. Олимпийн эрхийн төлөө дайралт хийх чухал циклийн хамгийн эхний тэмцээн азийн аварга байсан учир шигшээ баг болон тоглогчид бүгд хүнд байдалд оров. Дасгалжуулагчид ярилцан Цэнгүүний оронд Гансүх азийн аваргат явахаар болжээ. Бас нэгэн том хариуцлагатай азийн аварга!!! Бид 2107, 18 онуудад хоёр дараалан финалдаад байсан. Манай шигшээ багт Цэнгүүний тэр гэмтэл их хүнд цохилт болсон. Тэмцээн болох өдрүүдэд багийн ахлагч ДЭЛГЭРНЯМ лав бүтэн нойртой хоноогүй гэдэг. Гэхдээ бид финалдсан Дэк шилдэг тоглогч болж, Гансүх маань ч өөрийгөө бүрэн харуулж Дөлгөөн, Цэрэнбаатар сайн тоглож Тулга гавьяат ажилаа сайн хийж азийн аваргат гурвантаа финалдсан юм. Олимпийн төлөөх улирлыниэхэнд давгүй шүү...
 
УНАЛТ
 
Улирлын эхний тэмцээн азийн аваргаа амжилттай даваад байсан манай багийн гол оноо цуглуулах мэргэжлийн тэмцээн 6-р сараас УЛААНБААТАР ГРАНПРИ тэмцээнээс эхэлсэн юм. Ингээд үзэж тарлаа... УЛААНБААТАР баг 8 сарын дунд хүртэл баг бүтэн уналтад оров. Бид нэг ч гранпри тэмцээнд ХАГАС шигшээд шалгарсангүй. Багийн шинэ цэрэг Ананд маань 3х3 сагсан бөмбөгт дасан зохицох хугацаа хэрэгтэй байв. Энэ хугацаанд Цэнгүүн маань тасалгаандаа амжилттай орж бэлтгэлээ хийсээр байв.
 
СЭРГЭЛТ
 
Ингээд 2019 оны 8-р сарын 31 нд Солонгосын Инжэ дэлхийн гранприд очиж оролцон улирлын анхны хагас шигшээд шалгаран, түүгээр ч үл барам Шагналт 3-р байрт орж. Лос Анжелес WORLD TOUR тэмцээнд орох эрхээ Улаанбаатар баг авсан юм. Ананд ч сайн тоглож эхлэв. Яг энэ үеэс Цэнгүүнээгийн маань хөл сайжирч алхах хэмжээнд хүрсэн учир багтайгаа хамт тэмцээнд явж эхэлсэн. Инжэ Гранпригийн араас Филиппиний ГРАНПРИ тэмцээнд мөн гуравт оров. Солонгосоос олж авсан эрхийн дагуу Лос Анжелесыг зорьж дэлхийн их дуулгад оров. Тэнд тэмцээний дундуур NBA алдарийн танхимын эзэн Сагсан бөмбөгч Кэвин Гарнет ази залуус шуугиулж байгаа сурагтай гээд тэмцээн үзэхээр ирээд манай тоглолтыг үзээд толгой сэгсэрч, Улаанбаатар багийнхантай өөрөө ирж зургаа авхуулсан гэдэг. Улмаар улирлын төгсгөлд Цэнгүүнбаяр маань багтаа эргэн нэгдэж ЖЭЖҮ Гранпригийн аварга авч Монголын шигшээ баг дэлхийн чансааны дөрөвт албан ёсоор бичигдэж эхэлсэн юм... Олимпийн эрх албан бусаар баталгаажсан өдөр бол энэ өдөр байсан юм.
 
ЗҮРХНИЙ НЭГ ТАЛ БАЯРТАЙ НӨГӨӨ ТАЛ ГУНИГТАЙ
 
2019 оны 11-р сарын 1-ний өдөр 20:55 минут FIBA3X3 олимпийн эрх авах эрэгтэй, эмэгтэй тус тус дөрвөн эрхийн эздийг зарлав. Японы тайлбарлагч зарлаж байна "Монгол улсын эрэгтэй шигшээ баг олимпийн эрхээ авах болзлоо хангасан ч, Япон улс зохион байгуулагчийн давуу эрхийн дагуу эрэгтэй шигшээ баг олимпод явуулах болж Монгол улсын эрэгтэй шигшээ баг , ирэх хавар олимпийн эрхийн тэмцээнд орох боллоо."
 
Шигшээ багийн хамт олон , ивээн тэтгэгчид бүгд жаахан гунигтай байсан болов уу. Би л хувьдаа тийм байсан. Гэхдээ эмэгтэй баг маань эрхээ авч ямартай ч бид багийн спортоор түүхэн үйл явдлын гэрч болсонд зүрхний минь нөгөө тал баяртай байсан юм.
 
Ингээд бид аваад алдсан Олимпийн эрхийнхээ төлөө 2019 оны 11-р сарын 2-с эхлэн бэлтгэж эхэлсэн юм. Энэ хооронд цар тахал гарч бид үндсэндээ хоёр жил битүү бэлтгэлтэй, цөөн тэмцээнд ороод европ тивийг зорьсон юм.
 
Европт юу болсныг харлаа үзлээ. Бид БАГИЙН СПОРТООР олимпийн наадамд орох боломжтойг нотолсон залуусаараа, дасгалжуулагчид та бүгдээрээ бахархаж байна. ивээн тэтгэгчиддээ Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө Coca-Cola Mongolia баярлалаа.
 
Энэ зурганд би үнэхээр дургүй. Бүгд толгойгоо гудайлгасан зураг.
 
Та хэд минь толгой гудайлгах ямар ч шаардлагагүй. Дэлхийн аваргат сагсан бөмбөгөөр орж үзүүллээ, Азид гурав финалдаж, аварга авч үзүүллээ, Дэлхийн гранприд түрүүлж үзүүллээ, Америкийг хожиж үзүүлсэн. Толгойгоо өргөөд эх орондоо бахархалтай нь аргагүй хүрээд ир миний найзууд. Монголын мянга мянган хүүхдүүдийн зүрх сэтгэлийг хөглөж байгаа шүү.
 
Одоо та хэд ирээд шууд л дуусгаагүй ажил байгаа гээд бэлтгэлдээ орох байхдаа. Ай лайфаа гэж 
 
АВААД АЛДСАН ОЛИМДИЙН ЭРХЭЭ 2024 ОНД БИД АВАХ БОЛНОО

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.