Чөлөөтийн ДАШТ-ээс Монголын баг хос мөнгөн медаль хүртлээ

Чөлөөтийн ДАШТ-ээс Монголын баг хос мөнгөн медаль хүртлээ

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртээд байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал урд шөнө аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ийн ахиулав. Олимпын жинд хоёр жил дараалан дэлхийгээс медаль авснаар олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэдгээ харууллаа.

Түүнчлэн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний хувьд “бага ДАШТ” гэгддэг Иван Яригыний гранпри тэмцээнээс хоёр жил дараалан медаль зүүж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан. Улмаар Белградын дэвжээнд одтой сайхан барилдсаар үзүүрлэлээ. Хагас шигшээд Шведийн бөхөд 6:0-ээр хожигдож яваад цэвэр дарсан нь энэ тэмцээний онцлох мөчийн нэг байв.

Монголын багийн медалийн тоо нэмэгдэх эсэхийг Э.Даваачимэгийн барилдаан шийднэ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн манай бөх 57 кг-ын жинд БНСУ-ын Ким Хьюн-Жо, Узбекистаны Л.Собирова нарыг дараалан ялж хагас шигшээд шалгараад Америкийн бөх, олимп, дэлхийн аварга Х.Мароулист дийлдсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Одоогоор 25 улс ДАШТ-ээс медаль хүртээд буй бөгөөд Монголын баг медалийн чансаагаар есдүгээр байрт бичигдэж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.