Ё.Басхүү: Өрсөлдөгчөө өөрөөсөө илүү гэж боддоггүй ч доогуур гэж басамжилдаггүй

Ё.Басхүү: Өрсөлдөгчөө өөрөөсөө илүү гэж боддоггүй ч доогуур гэж басамжилдаггүй

Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР 

 

Афины олимпоос Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр анхны алтан медалийг авчирлаа гэж шуугиж байсан мөчүүд бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Харин одоо шинэ үеийн гал цогтой, залуу тамирчид эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж эхэллээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин"-оор олимпын медальтай ах нарынхаа араас түүчээ болон гялалзаж байгаа Ази тивийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүүг урьж ярилцлаа.  

 

-Та анх Хөх хотод болсон Гранпри тэмцээнд оролцож байсан. Энэ тэмцээний медалийн төлөөх барилдаанд олон шилдэг бөхтэй учраа таарсан санагдаж байна? 


-Энэ тэмцээнд уг нь гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх ах нар явах байсан. Гэвч тэд  “Бид явахгүй, чи боломжтой бол яваарай” гэсэн нь миний хувьд их том боломж шиг санагдсан. Ингээд яг тэмцээндээ явах гэтэл  зардлын 300 мянган төгрөг дутчихсан. Тухайн үед ээж минь хагалгаанд орж таарсан л даа. Тиймээс Улсболд ах руу ярилаа. Ах Сүүж-Уул амралтад бэлтгэлд гарсан байсан юм. Ах ч “Надад мөнгө байхгүй. Миний утсыг ирээд ав” л гэсэн. Тэгээд утсыг нь ломбарданд тавиад зардлаа олж байлаа. Тэр үед надад мөнгө байгаагүй болохоор цагаан өмсгөл авч чадалгүй, ганц хөх кимонотой тус хотыг зорьсон. Тэмцээний өмнө “Ингэж гэрийнхнээ зовоож, тэмцээнд орж байгаа юм чинь  хичээж, сайн барилдах хэрэгтэй шүү” гэж өөртөө хэлсэн. Удалгүй  Хөх хотын Гранпригийн сугалаа ч гарлаа. Эхлээд Оросын дэлхийн аваргын хүрэл медальтай Яков Шамиловтай таарсан. Дотроо “Үүнийг л заавал хожино. Тэгвэл би медаль авч чадна” гээд өөртөө даалгавар өгөөд дэвжээнд гарсан. Ингээд Оросын Яков Шамилов, Японы Такайчи нарыг ялж хүрэл медаль хүртсэн түүхтэй. Шагналын мянган ам.доллараа аваад ямар их баярласан гэж санана. Ээж, ах хоёрыгоо зовоож ирснээ бодоод, хурдхан гэртээ очиж тэр хоёрыгоо баярлуулахсан гэж сэтгэл яарч билээ. Тиймээс энэ тэмцээнийг би хэзээ ч мартдаггүй.  


-Бүхий л хүндрэл, саад бэрхшээлийг туулж анхны Гранпри тэмцээндээ оржээ. Тэгсэн хэрнээ сэтгэл санааны ямар ч дарамтгүйгээр дэлхийн шилдэг бөхчүүдтэй барилдаж ялсан байна шүү дээ?


-Би өрсөлдөгч бөхчүүдээ өөрөөсөө илүү гэж боддоггүй. Мөн хэт доогуур гэж басамжилдаггүй. Адилхан бөхчүүд, өөртөө байгаа бүхнээ шавхаж, хичээж барилдах ёстой гэж боддог. Тиймээс ямар ч тэмцээний үед элдэв зүйл бодож өөрийгөө зовоодоггүй. Бэлтгэл дээр барилдаж байгаа юм шиг тайван байж чаддаг. Үнэхээр миний хүч хүрэхгүй ялагдах, алдаа гаргах  тохиолдол олон бий. Харин эдгээр алдаагаа дахиж давтахыг л хүсдэггүй.  


-Таны тамирчны замнал, амжилт их хурдан өссөн санагддаг. Анх жүдо гэх ертөнцөд хэнээр хөтлүүлж оров? 


-Би Завхан аймгийн Нөмрөг сумынх. Багадаа хичээл хийх дургүй, морь, малын захад байх л дуртай хүүхэд байлаа. Манай суманд миний анхны багш болох н.Батцэрэн гэдэг хүн бий. Багш маань нэг ангид эсгий дэвсчихээд биднийг их барилдуулдаг байсан юм. Хамаг хувцас, үс толгой үс ноос, хялгас болоод хөлстэйгөө зууралдана. Гэхдээ би дунд сургуулиа төгстөл олон барилдаагүй. Бэлтгэл сургуулилалт хийхгүй явж байгаад аймгийн аваргын тэмцээнд орсон юм. Бэлтгэлгүй, мэх мэдэхгүй хүн яаж медаль хүртэх билээ. Харин сургуулиа төгсөөд 18 настайдаа хотод ирсэн. Одоогийн улсын гарди М.Баяржавхлан ах анх намайг үндэсний бөхөөр барилдаад үз гэж билээ. Гэхдээ би “Жүдо зүгээр юм шиг байна. Жүдогоор хичээллээд үзье” гэхэд ах ч дэмжсэн. Анх Ц.Шийрэв багш дээр бэлтгэл хийж байгаад сүүлд “Женко” клубт гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр багшийн удирдлагад шилжсэн. Харин одоо үндэсний шигшээ багт багтаж, олон сайн дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Жүдогоор 8-9 жил хичээллээд дэлхийн аваргаас медаль хүртсэн. Хүнд хүсэл, зорилго, мөрөөдөл л байвал нас оройтдоггүй гэдгийг их спорт надад ойлгуулж байна. Хамгийн чухал нь хичээл зүтгэл, чин сэтгэлтэй байх ёстой.  


-Тамирчин хүн ялалт, ялагдлыг хослуулж амжилтад хүрдэг. 2021 оны  Будапештэд болсон ДАШТ-ийг онцолж асуумаар байна. Тэр дэлхийн аварга танд дурсамжтай тэмцээн болсон байх?


-Дэлхийн аваргын тэмцээний сугалаа гардаг өдөр Дашдаваа багш “За чи дэлхийн аварга Ан Баултай таарсан байна. Сугалаа жаахан чанга таарчихлаа. Гэхдээ зүгээрээ сайн барилдана шүү” гэсэн. Харин би “Ан Баулд хэн болохоо харуулна” гээд нэг их додьгор байсан юм. Харин хүмүүс миний өмнөөс айж сандраад л, “Одоо яана аа, дэлхийн аваргатай таарчихлаа“ гээд халаглаж байсан. Тухайн үед би “Ан Баулын дэлхийн аваргын алт, мөнгө, олимпын хүрэл медальтай нь барилдах гэж байгаа юм уу. Солонгосын нэг жүдочинтой л барилдана. Адилхан хүнээс юунаас нь айдаг юм. Ялж  чадахгүй байсан ч хамаагүй. Өөрийн барилдаанаа гаргаж, шазайтал үзнэ” гээд барилдаандаа төвлөрч суусан. Хөнгөн бие халаалт хийдэг юм билүү гэсэн чинь бие нозоороод залхуу хүрээд болдоггүй. Тэгсэн багш “Чиний бие нозоороод хүнд оргиод байвал бие халаалт, бэлтгэл хийх хэрэггүй. Чи зүгээр дэвжээ тойроод алх. Дэвжээгээ мэдрэх хэрэгтэй” гэлээ. Тэгэхээр нь тэмцээн болох дэвжээг тойрч алхаад, заалны тааз, үзэгчдийн суудлыг тойруулж харчихаад буусан. Ан Баул ч  халаалтгүй шууд дэвжээн дээр гарсан. Барилдааны явцад  багш нар “Ан Баулын барьцыг салга, давуулаад барь гээд хашхираад байсан. Тэр дагуу нь хэдэн ч удаа барьцыг нь салгаж давуулсан юм бүү мэд. Сүүлдээ ч цуцах шинжтэй болоод ,сөхөрч унах гээд болдоггүй. Ан Баулыг харсан чинь нэлээн муудаж байх шиг байна. Тэгэхээр нь “За ямар ч байсан өөрийнхөө муудаж байгааг мэдэгдүүлж болохгүй шүү” гээд тэвчээд зүтгэсэн. Нэлээд хүнд барилдаан гаргаж, ялалт авсан.  


-Ингээд шөвөгт Японы алдарт бөх Абэтэй таарсан байх аа. Магадгүй Абэтэй эхлээд таарсан бол ялах боломж байсан байх шүү? 


-Ан Баулыг хожчихоод багшаас “Одоо хэнтэй вэ” гэж асуутал “Нэг гүрж нөхөр байгаа” гээд тоомжиргүй хариулсан. Нөгөө Гүржийг нь арай гэж ялчихаад, дахин асуулаа. Гэтэл багш “Сая Украины Зантарья, Израилийн Тал Фликер хоёр барилдаад Израиль нь ялчихлаа” гэв. Шөвгийн наймд дэлхийн аваргын хүрэл медальт Израилийн Фликерийг ялчихаад дахин асуусан чинь одоо Японы дэлхийн аварга Абэтэй барилдана гэсэн. Би ч “Багшаа наадах чинь ямар хэцүү сугалаа вэ” гээд хэлчихсэн. Ингээд аль болох хурдан сэргэлт авахыг хичээсэн ч үнэхээр ядарсан байсан. Хэрэв таны хэлснээр эхэнд барилдсан бол ялах боломж байсан. Би тэр үед хэтэрхий яарч барилдсан. Барилдааны үеэр эмчийн тусламж авч, гараа боолгоод буцаад дэвжээнд гарсан чинь үзэгчид шуугиад л. Миний сэтгэл хөөрсөн гэж жигтэйхэн. Абэг унагачих юм шиг санагдаад болдоггүй. Тэр сэтгэл хөөрлөө дарж чадахгүй байсаар  хутгах мэхэнд нь ороод ялагдсан. Тэмцээний дараа бичлэгээ их үзэж, дүгнэлт хийсэн. Юунаас болоод ялагдчихав гээд харсан чинь хутгах мэхийг долоон удаа хийсэн байна лээ. Би Абэгийн хутгах мэхэнд унахгүй юм байна гэж бодсон нь миний алдаа байсан гэдгийг ойлгосон. 


-Жүдо бөх Япон, Итали, Францад илт хөгжсөн санагддаг юм. Харин монгол жүдочдын тэднийг буулгаж авдаг гол онцлог мэх, тактик нь юу байдаг юм бол? 


-Япон, солонгосууд сэрвүү барьц, энгэр, ханцуйнаас сайн барилддаг. Харин Европын бөхчүүд тактикийн аргалсан, торгуулийн барилдаанаар ялалт авахыг чухалчилдаг юм шиг санагддаг. Япон бөхчүүд мэдээж барьцны барилдаанаар биднээс илүү. Барьцаа зөв олж барина. Барьцаа авсан бол мэхээ даацтай хийнэ. Бид тэр барьц, хийдэг дархан мэхийг нь мэддэг мөртлөө хамгаалж, хорьж барилдаад ч амжилт олдоггүй тал бий. Харин манай бөхчүүд тэднийг лав бариад авах юм бол үнэлгээ салгах, хожих боломж бүрэн бий. Энэ нь бэлтгэл сургуулилт, арга барилтай холбоотой байх.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.