МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын тав дахь өдрийн буюу даваа гарагийн сүүлийн тоглолт IHC Apes баг болон Хасын Хүлэгүүд багийн тоглолт маш сонирхолтой болж эцсийн мөчид 72-76 харьцаатай өндөрлөв. IHC Apes баг хожлын шидэлтээр хожих боломжтой байсан ч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Хасын Хүлэгүүд баг хожил авч чадсанаар 2-1 харьцаатай цувралыг тэргүүлж эхэллээ.
Тоглолтын баатар: А.Ананд тоглолтын эхний үед ганцаараа 15 оноо авч тоглолтыг маш сайн эхлүүлсэн юм. Мөн багийн хамгаалагч Т.Мэндбаяр өчигдөр 11 оноо, 10 самбар авч дабл дабл гүйцэтгэжээ.
X Factor: Хожил авсан Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч С.Эрдэнэдалай тоглолтын төгсгөлд хэрэгтэй оноонуудыг авч нийт 7 оноо, 5 самбар, 42 хувьтай довтолсон байна.
Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтын эхний хоёр үе маш ойролцоо өрнөж эхний хагас 41-41 харьцаатай өндөрлөсөн юм. Зөвхөн тоглолтын гуравдугаар үед Хасын Хүлэгүүд баг IHC Apes багаас 15 оноо илүү авчээ. Дөрөвдүгээр үе эхэлж IHC Apes баг 15 оноогоор хожигдож байхад П.Болортулга дараалан холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж онооны зөрүүг 10 дотор оруулж чадсан.
Тоглолтын цаг сүүлийн 1 минут руу орж онооны харьцаа 69-71 байхад С.Эрдэнэдалай дундын зайн шидэлт амжилттай гүйцэтгэн багтаа 4 онооны давуу байдлыг авчирсан билээ.
Статистик худлаа хэлдэггүй: Хожигдол амссан IHC Apes баг өнөөдрийн тоглолтод 01:11 минут онооны илүү явсан бол харин хожил байгуулсан Хасын Хүлэгүүд баг 34:20 минутын турш онооны илүү явжээ.
Мөн IHC Apes баг гуравдугаар үед багаараа 7 оноо авсан бол Хасын Хүлэгүүд баг багаараа 22 оноо авсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.