ESL-ээс зохиож буй 1 сая ам.долларын шагналын сантай CS2 (Counter Strike 2) төрлийн мажор тэмцээний араас орохуйц хамгийн том тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний хоёр дахь шатны тоглолтууд болж байгаа билээ.
Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд эзэлж буй байраар хэсгийн шатанд шууд уригдаж хоёр шатанд орсон бөгөөд эхний тоглолтоо өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 2-ны шөнө Team Liquid багтай 2-1 (Nuke 10-13, Mirage 13-8, Ancient 13-11) харьцаагаар хожлоо. Улмаар манай багийн дараагийн тоглолт Европын холбооны "GamerLegion" багийн эсрэг өнөөдөр шөнө 23:00 цагаас тоглохоор боллоо.
Тус тэмцээн гурван үе шаттай бөгөөд дэлхийн шилдэг 24 баг оролцоно. Эхний шатанд 16 баг өрсөлдөж найм нь хоёр дахь шат руу шалгарна. Харин хэсгийн шатнаас зургаан баг плэй офф руу шалгарч тоглох юм.
Польшийн Катовиц хотод хоёрдугаар сарын 9-ийг дуустал үргэлжлэх тэмцээний ялагч нь 400 мянган ам.долларыг авна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.