Монгол Улсаас 3 баг шатрын Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд өрсөлдөнө

Монгол Улсаас 3 баг шатрын Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд өрсөлдөнө

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос 2026 оны 6 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Рапид болон Блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус нэр хүндтэй тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд оролцох Монголын багууд нөхөрсөг халз тоглолтыг 6-р сарын 12-ны өдөр ABChess академид амжилттай зохион байгууллаа. Нөхөрсөг тэмцээнд урилгаар Их мастер Г.Мөнхгал ахлагчтай Их заргач шатрын клубын баг маань хүрэлцэн ирж оролцов. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн нь орчин үеийн шатрын ертөнцийн хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг их мастерууд, үндэсний шигшээ багууд, мэргэжлийн клубүүдийг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Энэхүү тэмцээн нь шатрын спорт дахь багийн нэгдэл, стратегийн ур чадвар, өрсөлдөөний дээд түвшнийг илтгэдэг онцгой ач холбогдолтой тэмцээн юм. Тэмцээнд Магнус Карлсен, Фабиано Каруана, Ян Непомнящий, Нодирбек Абдусатторов зэрэг дэлхийн шилдэг шатарчид тогтмол оролцдог бөгөөд энэ жилийн тэмцээн ч мөн адил өндөр өрсөлдөөнтэйгээр өрнөх төлөвтэй байна. Богино хугацааны хяналттай рапид, блиц төрлөөр явагддаг тул тоглолт бүр хурд, ур чадвар, багийн нягт уялдаа холбоог сорьсон жинхэнэ оюуны тулаан болдог.

Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Монгол Улсын Үндэсний шигшээ баг 2400 хүртэл чансаатай багуудын ангилалд түрүүлж, дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирсан бахдам амжилт үзүүлсэн билээ. Энэ жил Монгол Улсаас гурван баг дэлхийн шилдэг шатарчидтай хүч сорин, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр Хонконгийг зорих гэж байна.

The MongolZ баг:

Дасгалжуулагч - ФД / эФМ Б.Ану

  • 1-р ширээ – Их мастер Д.Батсүрэн
  • 2-р ширээ – ОУМ Х.Итгэлт
  • 3-р ширээ – ОУМ Ү.Агьбилэг
  • 4-р ширээ – ОУМ Х.Өлзийхишиг
  • 5-р ширээ – эОУМ Б.Баярмаа

6-р ширээ – А.Эрхэмбаяр

“Алдар” спорт хорооны баг:

  • 1-р ширээ – Их мастер С.Билгүүн
  • 2-р ширээ – ОУМ Г.Амартүвшин
  • 3-р ширээ – ОУМ С.Чингүүн
  • 4-р ширээ – ОУМ / эИМ Б.Мөнгөнтуул
  • 5-р ширээ – эОУМ Б.Мөнгөнзул
  • 6-р ширээ – Б.Цогтбаяр

“Босоо Ноён” шатрын клубын баг:

(2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилал)

  • 1-р ширээ – СМ А.Золжаргал
  • 2-р ширээ – ДМ Б.Очирсүх
  • 3-р ширээ – эФМ Б.Хүслэнзаяа
  • 4-р ширээ – ДМ Н.Очирваань
  • 5-р ширээ – СМ Ж.Мичид
  • 6-р ширээ – ДМ М.Батням

Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын амжилтаа бататгаж, Монголын шатрын нэр хүндийг олон улсын тавцанд улам өндөрт өргөхөөр зорин буй нийт тамирчид, дасгалжуулагчиддаа спортын өндөр амжилт хүсье!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ