Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотын Чинбайжян дүүрэгт байрлах Чэндүгийн олон улсын төмөр замын боомтын үйл ажиллагааг /2026.9.11/ үзэж сонирхлоо.
Өртөөнөөс эдийн засгийн бүс хүртэл
Чэндүгийн олон улсын төмөр замын боомтын бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн байна. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чэндү-Европын чиглэлийн анхны “Ронг-Оу” буухиа галт тэрэг хөдөлснөөр олон улсын тээврийн хөгжлийн шинэ үе эхэлжээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сычуань мужийн Чөлөөт худалдааны туршилтын бүсийн Чэндүгийн Чинбайжян төмөр замын боомтын хэсгийг албан ёсоор байгуулсан байна. Мөн 2020 онд Сычуань мужийн Засгийн газар тус боомтыг түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн бүс байгуулахыг зөвшөөрчээ. Уг бүсийг боомт түшиглэсэн үйлдвэрлэл, дэвшилтэт материал, олон улсын худалдаа, логистикийн чиглэлээр хөгжүүлж байна.
“Ухаалаг боомт”-ын тогтолцоог нэвтрүүлжээ
Боомтын үйл ажиллагаанд “Ухаалаг боомт” системийг нэвтрүүлж, төмөр зам, гааль болон боомтын байгууллагуудын мэдээлэл солилцоог нэгтгэжээ. Чингэлгийн талбай, гаалийн хяналт, төмөр замын хөдөлгөөнийг камер болон мэдээллийн системээр хянадаг байна. Мэдээллийн нэгдсэн уялдаа нь ачаа тээврийн үйл ажиллагааг түргэсгэж, логистикийн нийт зардлыг бууруулах ач холбогдолтойг боомтын төлөөлөгчид онцоллоо. Түүнчлэн төмөр зам, авто зам, далайн тээврийг нэг сүлжээнд холбох олон төрлийн тээврийн “нэг бичгийн тогтолцоо”-г хөгжүүлж байна. Ингэснээр тээврийн хэрэгсэл, маршрут солигдсон ч ачаа, мэдээлэл, баримт бичгийн урсгалыг уялдуулан зохион байгуулах боломж бүрджээ. Чэндүгийн олон улсын төмөр замын үйлчилгээний платформоор дамжуулан тээврийн онлайн захиалга, олон төрлийн тээвэр болон нийлүүлэлтийн сүлжээний нэгдсэн үйлчилгээг үзүүлдэг байна.
Боомтын үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан олон улсын тээврийн сүлжээний жагсаалтад Монгол Улсын Замын-Үүд багтсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татлаа.